Түмэн төмөрт
Өнөөдөр бид хүн бүхний мэдэх Трубаг хэрхэн үйлдвэрлэдэг талаар дэлгэрэнгүй танилцах болно. Хүн төрөлхтөн хоолой хэлбэртэй материалыг олон мянган жилийн турш маш олон төрлийн зориулалтаар ашиглаж иржээ. Труба нь цилиндр хөндий ган хоолой юм. Гангаар хийгдсэн хоолой буюу труба нь бусад материалаар хийгдсэн хоолойнуудаас илүү хэрэглээнд алдартай болсон байдаг. Бидэнд хамгийн ойрхон байдаг халаалтын системийн хоолой Труба төмрөөр хийгдсэн байдгыг бид сайн мэднэ.
Трубаг хэрхэн хийдэг вэ?
Труба буюу ган хоолойг хэд хэдэн өөр процессоор үйлдвэрлэдэг. Эдгээр процессууд нь үндсэндээ ган хоолойн төрөл, түүний зориулалтаас хамааран өөр өөр байдаг. Монголд оёдолтой болон оёдолгүй трубаг нийтлэг хэрэглэдэг.
Эхний үе шатууд
Олон төрлийн ган хоолойн хувьд үйлдвэрлэлийн процесс нь төмрийн хүдэр, коксжсон нүүрсээр хайлуулж эхэлдэг. Хайлах үе шат дууссаны дараа хүдэр, коксыг хүчилтөрөгч ашиглан тэсэлгээ хийдэг. Энэ нь нүүрстөрөгчийг зайлуулдаг. Уг процессоор бүтээгдэхүүнийг хэвэнд цутгаж, түүхий ган гулдмай үүсгэдэг. Эдгээр гулдмай нь гагнасан хоолой үүсгэхэд хэрэглэгддэг лист эсвэл оёдолгүй ган хоолой үүсгэхэд хэрэглэгддэг бэлдэцүүд бэлэн болдог.
Оёдолгүй ган трубаг үйлдвэрлэх явцад бэлдэцийг халааж, дараа нь цилиндр хэлбэртэй болгодог. Цилиндрийг эргэдэг зууханд халааж өнхрүүлдэг. Халаах, өнхрүүлэх явцад цилиндрийн төвд нүх гарган сум хэлбэртэй цоологчийг голоор нь шахдаг. Үүний дараа өнхрүүлж, сум хэлбэртэй цоологч дээр хүссэн хэмжээ, уртаар сунгаж бэлддэг.
Илүү том диаметртэй оёдолгүй трубаг хийхийн тулд дахин тээрэмдэх процессоор дамждаг. Цоолборыг түлхэж оруулсны дараа труба нь цоолтууртай тээрмээр дамждаг. Энэ цоолтууртай тээрэм нь дотроо цоолох тууш төмөртэй байдаг бөгөөд цоолтууртай тээрмийн үйл явцын эцэст нь хананы зузаан, гадна диаметрийг хянах зориулалттай юм.
Гагнасан ган хоолой буюу оёдолтой труба
Листийг халааж, халуунаар цувуйлан уртасган ган тууз үүсгэдэг. Дараа нь листийг тодорхой урттай хавтгай листүүд болгон хуваана. Хуйлдаг машинаар хавтгай листийг боловсруулж цилиндр хэлбэртэй болгодог. Энэ нь үндсэн гагнасан трубаны үндсэн процесс юм. Гагнасан ган трубаг үйлдвэрлэх процесс нь оёх төрлөөс хамааран бага зэрэг ялгаатай байдаг. Янз бүрийн үйлдвэрлэлийн процесс бүхий гагнасан ган трубаны гурван нийтлэг төрөл байдаг Үүнд: цахилгаан эсэргүүцэлтэй гагнасан хоолой, уртааш гагнасан хоолой, спираль гагнасан хоолой юм.
Цахилгаан эсэргүүцэлтэй гагнасан хоолой (ERW)
Энэ төрлийн труба нь ган листийг цилиндр хэлбэртэй болгох процессыг ашиглан үйлдвэрлэдэг. Цахилгаан гүйдэл нь листны ирмэгээр дамждаг бөгөөд ингэснээр ирмэгийг нь холбож, гагнагдахад шаардлагатай температурт хүрдэг. ERW хоолой дээрх оёдол нь бараг мэдэгдэхгүй бөгөөд энэ төрлийн хоолой нь нэлээд бат бөх байдаг.